онцлох мэдээлэл

Дэлхийн спортын 2018 оны ОНЦЛОХ-10 үйл явдал

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ АНХ УДААГАА ЗҮҮН ЕВРОПТ ЗОХИОГДОВ

1930 онд анх Өмнөд Америкийн Уругвай улсад зохион байгуулагдаж байсан дэлхийн спортын хамгийн том үйл явдал болох хөлбөмбөгийн ДАШТ анх удаагаа Зүүн Европт зохион байгуулагдав. Оросууд нутагтаа хөлбөмбөгийн дэлхийн аваргыг 14.2 тэрбум буюу урьд өмнө байгаагүй өндөр өртөгтэй зохион байгуулсан бөгөөд видео шүүгч буюу VIR технологийг ФИФА анх удаагаа  амжилттай туршсан. ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд бүтэн сарын турш зохиогдсон дэлхийн аваргад тив тивээс шалгарсан шилдэг 32 баг өрсөлдөж Францчуудын ялалтаар өндөрлөсөн. Тэмцээний томоохон сенсаци нь аваргаа хамгаалагч Германы шигшээ баг хэсгээс мултарч, зохион байгуулагч Оросууд хэнийг ч таамаглашгүй амжилтыг үзүүлж дунд шөвөгт шалгарсан үйл явдал байв. “Уламжлал” ёсоор энэ удаагийн ДАШТ-нд 19 настай Франц хүү К.Мбаппе гялалзаж шилдэг тоглогчийн шагналыг хүртэж, шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргын цомыг хүртсэн. Францын шигшээ багийн дасгалжуулагч Д.Дешам дэлхийн аваргад багаа удирдан түрүүлгэснээр Германы Ф.Беккенбауэр, Бразилын М.Загалло нарын адилаар тоглогч, дасгалжуулагчаар дэлхийн аварга цолыг хүртсэн 3 дахь эрхэм болов.

ХӨЛБӨМБӨГИЙН “МОЦАРТ” Л.МОДРИЧ НЭГЭН АРАВНЫ ЭЗЭГНЭЛИЙГ ЭЦЭС БОЛГОВ

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн арванд Л.Месси болон К.Роналдо гэсэн 2 эрхэм сүүлийн 10 жилийн турш дэлхийн шилдгээр ээлж дараалан хүртсэн байдаг. Эдгээр 2 тоглогчоос өмнө хамгийн сүүлд 2007 онд Бразил улсын хөлбөмбөгчин Кака дэлхийн шилдгээр нэрлэгдэж байсан. Тэгвэл энэ жил 11 жилийн дараа дэлхийн шилдгээр өөр эрхэм тодорсон юм. Энэ бол мэдээж Хорватын шигшээ багаа хөтлөн ДАШТ-д мөнгөн медаль хүртэж, Реал Мадрид клубын хамтаар аваргуудын лигт 4 дэх цомоо хүртсэн Л.Модрич юм. 33 настай Хорват хагас хамгаалагч Л.Модричийн хувьд 2018 он амжилт ялалтаар цалгисан он жил байлаа. Тэр шигшээ баг болон клубынхээ хамтаар гялалзсан амжилт үзүүлсэн бөгөөд өөрөө ФИФА-н Оны шилдгээр шалгараад зогсохгүй Франс футбол сэтгүүлээс тодруулдаг хөлбөмбөгчдийн авч үзэхийг хүсдэг Баллон д’Ор шагналын эзэн болсон. Дээрх хоёр шагналыг хүртэхдээ хоюуланд нь К.Роналдог ялж авсан байдаг. Энэ бол дэлхийн спортын 2018 оны онцлох үйл явдал юм.

Л.ХЭМИЛТОН БА “МЕРСЕДЕС” БАГИЙН НОЁРХОЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Авто спортын хурд, хүчний гайхамшиг болсон формула-1 уралдааны сүүлийн 5 жил Германы “Мерседес” багийн ноёрхол дор явагдаж байна. Т.Вольффын удирдсан “Мерседес”багийн туг нь Британи нисгэгч Л.Хэмилтон байсан юм. 33 настай Л.Хэмилтон багийн арын албаны инженер, техникийн албаны ажлын үр дүнг өөрийн авъяас, ур чадвараараа дэлхий нийтэд харуулж өөрөө 5 дахь удаагаа дэлхийн аварга болсон. Мөн баг нь сүүлийн 5 улирал зохион бүтээгчдийн цомыг хүртэж алдарт “Феррари”, “МкЛарен”, “Ред Булл” болон “Уилльямс” багуудыг ардаа орхиод байна. Л.Хэмилтон 5 дахь дэлхийн аварга цолоо хүртснээр 1950-иад оны формула-1 уралдааны шилдэг нисгэгч Аргентины Хуан Мартин Фангиогийн амжилттай зэрэгцсэн. Одоо түүний өмнө домогт нисгэгч М.Шумахерын 7 түрүүлсэн амжилт л үлдээд байна. Магадгүй М.Шумахерын амжилтыг эвдэхэд Л.Хэмилтоны хувьд цаг хугацааны л асуудал болоод байх шиг. Л.Хэмилтоны энэ жилийн түрүүг зөвхөн онцлох нь өрөөсгөл. Тэр 2018 оны улиралд пол-позишн буюу байрал тогтоох уралдаанд 83 удаа түрүүлж формула-1 уралдааны бүх-цаг үеийн рекорд амжилтын эзэн болсон.

UFC-Н 70 КГ-Н АВАРГЫН ТӨЛӨӨХ Х.НУРМАГОМЕДОВЫН ЭСРЭГ К.МКГРЕГОРЫН ТУЛААН

Дэлхийн хамгийн том спортын холбооны нэг болох холимог тулааны UFC-н энэ онд зохиосон дуулиантай тулаан нь Х.Нурмагомедов болон К.МкГреорын тулаан байлаа. Хоёр эрхмийн хэн нь жинхэнэ аварга вэ? гэдгээ харуулах тулаан өнгөрсөн 10 сард АНУ-ын Лас-Вегас хотноо болж Оросын бага ястан, Дагестан залуу Х.Нумрагомедовын ялалтаар өндөрлөв. Бүтэн 4 үе явагдсан тус тулаанд Х.Нурмагомедов ялалт байгуулснаар 27-0 гэсэн амжилтыг үзүүлсэн. Хэдийгээр тус тулааны ялагч нь Х.Нурмагомедов байсан ч олсон ашгийн хувиар Ирланд тулаанч К.МкГрегор илүү амжил үзүүлсэн нь хачирхалтай. Энэ тулааны тасалбар нь 205-2500 ам.доллар хүрсэн нь ямар их хүлээлттэй тулаан байсныг илтгэнэ. Энэ тулаан дуулиан шуугианаар дүүрэн болж өнгөрснийг спорт сонирхогчид сайн мэдэж байгаа. Тулааны дараа Х.Нурмагомедов ёс бус алдаа гаргасны улмаас багагүй хэл аманд өртөж байсан ч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүлээн авч уулзсан нь энэ тулааны ач холбогдол ямар их байсныг илтгэнэ.

К.РОНАЛДО 4 ДЭХ ЛИГТЭЭ ИРЛЭЭ

Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, өнөөгийн цагийн хөлбөмбөгийн төдийгүй дэлхийн спортын супер “од” К.Роналдо Реал Мадрид дахь 9 жилийн карьераа өндөрлүүлж Италийн Ювентус багтай нэгдсэн үйл явдал нь энэ зуны спортын томоохон үйл явдал байлаа. Тэрбээр Португалын Спортинг багаас мэргэжлийн замналаа эхлүүлж байсан 33 настай К.Роналдо клубт хүртэж болох бүхий л цомоо хүртсэн. Сер Алекс Фергюсоноор хөтлүүлэн дэлхийд анх танигдаж байсан К.Роналдо 2009 онд нарлаг Испаний эзэн хааны багт ирэн өөрийгөө дэлхийн шилдэг тоглогч гэдгийг 9 жилийн турш нотлон харуулсан юм. Тэгвэл түүний дараагийн аялал Италийн “хөгшин хатагтай” Ювентус клуб болоод байна. Дотоодын лигтээ босоо яваа ч Европын тавцанд аваргуудын лигт түрүүлж чадаагүй он жилүүдээ эцэс болгохын тулд Ювентусын удирдлагууд К.Роналдог авчирсан болов уу? Мөн түүний шилжилт бол сагсан бөмбөгийн ертөнц дэх Л.Жеймсийнхтэй адил эдийн засгийн олон эерэг үр дагаврыг авчирч байгаа.